Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажлын хэсэг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд./МОНЦАМЭ/. Хар нуур- Ховд голын сав газрын захиргаанаас аймгийн хэмжээнд усан сан бүхий газруудын хамгаалалтын бүсүүдийг тогтоох, ажлын саналыг боловсруулах чөлөөт хэлэлцүүлгийг 03 сарын 27-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэг Ховд аймгийн хэмжээнд Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлын хэсэг байгуулахад, хамгаалалтын бүсийн бэлтгэл ажлыг хангахад, оролцогч талууд мэдлэг, мэдээллээ харилцан солилцоход, нэгдсэн ойлголт хийгээд шийдэлд хүрэхэд чиглэж байгаа ажээ.
Ховд аймгийн хэмжээнд “Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох, ажлын санал боловсруулах” хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын удирдах ажилтангууд болон Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, БОАЖГазар, ХХААГазар, ГХБХБГазар, Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Шим-Ус ОНӨААТҮГазар, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга нар болон холбогдох мэргэжилтэн нийт 40 гаруй хүн оролцлоо.
Тус хэлэлцүүлэг нь “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоох ажлын үндэслэл”, “бусад аймгуудын туршлага, ололт, дутагдалтай тал”, “Гол, нуур ус намгархаг газрын байгалийн татмын хилийг зайнаас тандан судлалын программ ашиглан зураглах, баталгаажуулах арга аргачлал”, “Голын сав газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хилийг урьдчилан зурагласан байдал, зөрчил ба хилийг тогтоох нь ” сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд дээрх байгууллагуудын төлөөллүүд болон Голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамгаалалтын бүсийг тогтоох ажлын зохион байгуулалтын талаар санал солилцож Ховд аймгийн хэмжээнд Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох нэгдсэн аргачлал, мэдээлэлтэй болж, уг хамгаалалтын ажлыг зохион байгуулах аймгийн хэмжээний 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулахаар болов.
А.Бямбасүрэн