Олимпийн медальтан жүдочид тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-29 09:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар зарсан орлогын 10 хувийг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд хандивлав.

Харин уг орлогын 70 хувийг нь гавьяат тамирчин Д. Цэрэнхандын гэр бүлд хандивласан бол үлдсэн 20 хувийг нь кимоногийн эздэд өгсөн байна. Энэ сарын 16-ны өдөр гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит "Нэр хүнд-Хүч чадал" жүдо бөхийн холимог багийн халз барилдааныг “Аса” циркт зохион байгуулсан. Энэхүү халз барилдааны үеэр Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт,  гавьяат тамирчин Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг нээлттэй дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зарсан билээ.

Дашрамд дуулгахад, МУГТ Н.Түвшинбаярын өмсгөл найман сая төгрөгөөр, МУГТ Д.Сумъяагийн өмсгөл 3 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн юм.

Д.Өлзий

Related news