ЭЗХАХБ: Дэлхий даяар борлуулж буй таван гар утас тутмын нэг нь хуурамч

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-29 15:08:49

ЛОНДОН. /BBC/. Дэлхий даяар зарагдаж буй таван гар утас тутмын нэг нь, дөрвөн видеотоглоом тутмын нэг нь хуурамч байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ гаргасан илтгэлд дурджээ.

Дэлхий даяар хуурамч техник хэрэгслийн худалдаа өсч байгаа нь худалдан авагч, үйлдвэрлэгч болон улс орны санхүүд муугаар нөлөөлж байна гэдгийг тус байгууллага анхааруулсан байна.

ЭЗХАХБ мэдээлэл, харилцаа холбооны хуурамч тоног төхөөрөмжийн худалдааны талаар илтгэл бэлтгэжээ.

Илтгэлд дурдсанаар, 2013 оны гаалийн тоо мэдээнд дүн шинжилгээ хийхэд ийм төрлийн техник хэрэгслийн 6,5 хувь нь хуурамч байжээ. Гэтэл бусад зах зээл дээрх хуурамч барааны эзлэх хэмжээ 2016 оны мэдээгээр 2,5 хувьтай байжээ.

Харилцаа холбооны хуурамч төхөөрөмжийн худалдааны нийт хэмжээ 143 тэрбум доллароор хэмжигдэж байгаа аж. Үүний сацуу хуурамч барааны гуравны хоёрыг шуудан, буухиа хүргэлтээр хүргэдэг нь тэдгээрийг илрүүлэхэд хүндрэлтэй болгодог байна. 

Гар утас, тоглоомын приставкнаас гадна санах ойн карт, адаптор болон бусад жижиг хэрэгслүүдийг хуурамчаар хийх нь түгээмэл болжээ. Удирдлагын гар, нөүтбүүк, компьютер, ipadыг хуурамчаар хийх нь арай цөөн аж.

Ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдийн эрэлт хэрэгцээ маш их болсон нь хуурамч бараа үйлдвэрлэгчдийн сонирхлыг ихээхэн татах болжээ.

Хуурамч төхөөрөмж хэрэгсэл нь хүний эрүүл мэнд болон хэрэглэгчдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг ЭЗХАХБ анхааруулж байна. Тухайлбал, хуурамч төхөөрөмжнөөс хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэл байдаг.

Хуурамч төхөөрөмжинд хар тугалга, кадмий зэрэг хорт бодисууд байх магадлалтай. Мөн зай хураагуураас нь гал авалцах, тог цохих зэрэг эрсдлүүд бий.

Ийм төрлийн хуурамч бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь Хятад улс ажээ.

О.Барс

 

 

Related news