Хууль эрх зүйн сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Төр засгийн төв байгууллагууд, орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд иргэдийн санал санаачилгыг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Швейцарийн хөгжлийн агентлаги хамтран “Иргэдийн оролцоо” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн явцад 03 сарын 27-ноос 04 сарын 02-ний өдөр хүртэл Улс орон даяар 5 бүсчилсэн сургалтыг явуулж байна. Ховд аймагт хуульч Д.Дэлгэрзаяагаар ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэргэжилтэн, Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан судлаачаас бүрдсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж “Төрийн албаны суурь хүртээмжийг иргэдэд тэгш хүргэх нь” сэдвийн хүрээнд Хууль, эрх зүйн сургалтыг 03 сарын 29-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Сургалтанд Ховд аймгийн ИТХ болон ЗДТГ-ын ажлын алба, хэлтэс, агентийн мэргэжилтнүүд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд хамрагдсан юм.
Сургалтын зорилго нь Орон нутгийн Төрийн бүх шатны байгууллага, Хэвлэл мэдээлэл, Иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага, ажилтан, албан хаагчид, Иргэдэд нэгэн зэрэг өргөн хүрээний Хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, гэгээрүүлэх, хуулийг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байлаа.
Сургалтын үеэр Монгол улсын хүчин төгөлдөр хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актад тусгасан төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр гаргахад заавал тусгах заалт, иргэдийн оролцоо, Төрийн албан хаагчид төрийн суурь үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх зарчим, бодлого шийдвэр, хуулийн заалт, тогтоомж, дүрэм, журам, Төрийн албан хаагчдын үүрэг хариуцлага, ёс зүй, Үндэсний аюулгүй байдлын хууль, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, Захиргааны иргэний хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.
Сургалтаар Орон нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ, ЗДТГ нь аливаа шийдвэр гаргахдаа Иргэний оролцооны талаарх Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, Хууль, стратегийн баримт бичгүүдийг удирдлага болгох, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг ил тод тайлагнахад анхаарах ёстойг сануулсанаараа ач холбогдолтой байлаа.
Үүнээс гадна Монгол хэл, Соёл, Монголын түүх нь хууль эрх зүйн орчинд хэрхэн хамгаалагдсан байдгийг сонирхолтой баримтаар харуулж Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээгдсэн Монголын түүх, уламжлал, өв соёлын түүхэн үнэн баримтыг өгүүлсэн ном зохиол, “Монголын түүхийн тайлбар толь” хэмээх цахим вэб сайтны талаар заавар, зөвлөмж, шинэ мэдээллийг хүргэсэн юм.
А.Бямбасүрэн