Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 700 гаруй иргэн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлэх ажиллагааны урьдчилсан бэлтгэл сургуулилтыг өчигдөр хийлээ.
Уг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн үеэр 700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар аваачин байршууллаа. Мөн дадлага сургуулийн үеэр уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, газар хөдлөлтийн үеэр нурсан барилгаас иргэдийг аврах ажиллагааны урьдчилсан дадлага сургуулилт явуулсан юм. Дадлага сургуульд Хөвсгөл аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчид, иргэд идэвхтэй оролцож, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил сайн явагдаж байна гэж Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ үеэр дүгнэж байлаа.
Б.Гантуяа