В.Путин Катарын сан, “Glencore”, “Intesa”-гийн удирдлагуудыг одонгоор шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-11 16:36:48

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Катарын бие даасан сан, “Glencore” болон “Intesa” группын удирдлагуудыг Оросын төрийн дээд шагнал болох Найрамдлын одон болон Алдрын одонгоор шагнах тухай зарлигт гарын үсэг зуржээ. 

Дээр дурдсан компаниуд нь “Роснефть”-ийн хувьцааны тодорхой багцыг хувьчлах хэлцэлд оролцсон юм.

“Катарын хөрөнгө оруулалтын агентлаг” сангийн гүйцэтгэх захирал Абдалла бен Мухаммед бен Сауд аль Тани, “Glencore International” сангийн Ерөнхий захирал Айван Глазенберг, “Intesa Sanpaolo” банкны группын захирал Карло Мессина, “Banca IMI”-ийн ерөнхийлөгч Гаэтано Миччике, “Cifal” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Жиль Реми нарыг Найрамдлын одонгоор шагнасан бол Алдрын одонгоор “Банк Интеза” Хувьцаат нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн дарга Антонио Фалликог шагнажээ. Эдгээр хүмүүсийг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсны төлөө ийнхүү шагнасан байна.

“Роснефть”-ийн 19,5 хувийн хувьцааг худалдаж авах тухай хэлцлийг газрын тосны трейдер “Glencore”, бие даасан “Qatar Investment Authority” сан хоёр 1 дүгээр сарын 3-нд хийж дуусгасан юм. Өмнө нь гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу багц хувьцааг 692 тэрбум рублиэр арилжсан байна. Үүн дээр "Роснефтегаз"-ын ногдол ашиг 18 тэрбум рубль нэмэгдсэнээр  уг хувьчлалаас 710,8 тэрбум рубль ОХУ-ын төсөвт оржээ.

О.Барс

 

 

Related news