Мьянмарт барьсан Хятадын нефть дамжуулах хоолой ажиллаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-04-12 10:38:33

ЯНГОН. /Anadolu/. Нэлээд хугацаагаар хойшлогдоод байсан түүхий нефть дамжуулах хоолойг ашиглах төсөл Мьянмарт хэрэгжиж эхэлжээ.

Энэ нь Мьянмарын Ерөнхийлөгч Хитн Киавийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үр дүн юм гэж албан ёсны эх сурвалж  мягмар гарагт мэдэгдсэн байна.  

Нефть дамжуулах хоолой нь 2014 онд бэлэн болсон боловч татварын тал дээр зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас ашиглаж эхлэх хугацаа нь хойшлогдсоор байсан юм. Нэлээд хэдэн жил хойшлогдсоны эцэст Мьянмар болон Хятад улс түүхий нефть  дамжуулах хоолойг ашиглах талаар харилцан зөвшилцөлд хүрч чаджээ.

Зөвшилцлийн дагуу Хятадын корпораци Ойрхи Дорнод болон Африкаас түүхий нефть импортлон авах юм. Ингэснээр нефтийг Малаккын хоолойгоор дамжуулан Өмнөд Хятадын тэнгис хүртэл тээвэрлэх шаардлагагүй болох аж.

Туркээс ачигдсан түүхий нефтийг нутгийн баруун хэсэгт орших Ракхайн мужийн Маде арлын газрын тосны боомтод аль хэдийн буулгаж эхэлсэн тухай Мьянмарын хуучин нийслэл Янгон хотод байрладаг Хятадын компанийн албаны хүн мэдээлэв.

Түүний хэлснээр, эхний ээлжийн 140 мянган тонн газрын тосыг Маде арлын боомтод буулгаж эхэлсэн байна. 

771 км урт газрын тос дамжуулах хоолой Маде арлаас Хятадын Юньнань муж хүрдэг. Газрын тосны хоолойтой зэрэгцээ баригдсан байгалийн хий дамжуулах 793 километр урт хоолойгоор 2013 оны 7 дугаар сараас эхлэн Мьянмараас Хятадын  баруун өмнөд нутаг руу байгалийн хий татаж байгаа ажээ.  

Х.Сарнай 

 

 

 

Related news