Дунд сургуульд халдсан этгээдийн хэн болохыг мэдээлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКГОЛЬМ. /TASS/. Шведийн Трольхэттан хотын дунд сургуулийн сурагчид багш нарт халдсан 21 настай залууг хэн болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, гэмт хэргийг Антон Лундин Петерссон гэгч залуу үйлдсэн байна.
Тэрбээр тайван, компьютер тоглоом тоглох дуртай залуу байсан гэж түүнийг таньдаг хүмүүс ярьжээ. Харин Антоны үздэг байсан цахим хуудсуудыг шалгахад тэрбээр барууны хэт давруу үзэлтнүүдийг, мөн Шведэд цагаачдыг хүлээж авахыг эсэргүүцэгчдийг дэмждэг нэгэн байсныг харуулжээ.
Антон өглөө тус дунд сургууль дээр гартаа хар илд барьж, “Оддын дайн” киноны баатрын хувцастай иржээ. Тэрбээр ангиудын хаалгыг тогшиж, хаалга онгойлгосон хүмүүсийг хурц үзүүртэй зүйлээр хатгаж байсан байна.
Сурагчдын 90 хувь нь цагаачдын хүүхдүүд болох сургуульд гарсан халдлага улс төрийн сэдэлтэй байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж. Хууль сахиулах байгууллагынхан халдлага үйлдсэн этгээдийн гэрт нэгжлэг хийж, “хэд хэдэн аюултай зүйлийг” олж илрүүлжээ. Мөрдөн шалгах ажилд аюулгүй байдлын цагдаа нар нэгдсэн байна.
Хэв журам сахиулагчид гэмт этгээдийг байцааж чадаагүй байна. Тэрбээр цээжиндээ сумны шарх авсны улмаас амиа алджээ. Мөн түүний халдлагад өртөж, гэдсэндээ шархадсан нэг хүүхэд эмнэлэгт нас барсан байна. Гэмт этгээдийн хүйтэн зэвсгээр үйлдсэн халдлагад өртсөн багш газар дээрээ амиа алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн өөр хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Алуурчныг цагдаа нар буудаж аюулгүй болгосон байна. Гэмт этгээд хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд мэс засал хийжээ.
Д.Жаргал