Бүх нийтийн өглөөний дасгал ирэх даваа гарагаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 11:32:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бүх нийтийн өглөөний дасгал арга хэмжээ нь жил бүр тогтмол зохион байгуулдаг ажил болоод байгаа билээ. 
Энэ жилийн бүх нийтийн өглөөний дасгал энэ сарын 24-нд буюу ирэх даваа гарагт эхлэх юм. Тус аймгийн биеийн тамир спортын тал дээр брэнд болоод байгаа уг арга хэмжээг ирэх зургаа дугаар сарын 23 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх ажээ. 
"Архи тамхинаас татгалзаж, амьдралын зөв хэвшил биеийн тамир спортоор хичээллэе" уриатай энэ жилийн арга хэмжээний онцлог нь Даланзад сумын найман багийн иргэд багийнхаа төв дээр өглөөний дасгалаа хийх бөгөөд иргэдээ сайн хамруулж чадсан нэг багийг шалгаруулан шагнах юм байна. 
Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг өглөөний дасгалд долоо хоног бүрийн тав хоногт өглөөний долоон цагаас төрийн байгууллагынхан "Ажнай" талбай дээр, иргэд багийнхаа төв дээр цуглан хамрагдах боломжтой аж. Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газраас нийт иргэддээ өөрийн эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмрээ оруулахыг зөвлөж байна.
Д.Мишигсүрэн
Related news