"Говийн чоно" гамшгаас хамгаалах сургуулилт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 14:40:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн чоно" гамшгаас хамгаалах сургуулилт буюу Даланзадгад сумыг нүүлгэн шилжүүлэх ажил ирэх тавдугаар сарын дөрвөнд болно. Энэхүү сургуулилтаар тус аймагт дэлхийн 14 орны Онцгой байдлын ажилтнууд ирэх бөгөөд тавдугаар сарын нэгнээс тавны хооронд зохион байгуулах уг арга хэмжээгээр зарим уурхайд мөн гамшгаас хамгаалах сургуулилт хийх ажээ. 
Одоогоор уг үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд Даланзадгад сумын найман багийг дөрвөн газар руу нүүлгэн шилжүүлэх юм. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр гамшгийн дуут дохио гурван удаа дуугарах бөгөөд иргэд байгаа газраасаа явганаар тухайн нүүлгэн шилжүүлэлт хийх газар руу явах аж. Энэ үеэр хөдөө гадаанаас зочид ирсэн байвал тэднийгээ гэрээсээ авч гарах учиртайг зохион байгуулагчид сануулж байгаа юм. 
Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр өрх бүр анхны тусламжийн цүнхийг бэлтгэсэн байх юм. Цүнхэнд гар чийдэн, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, өрхийн иргэдийн бичиг баримт, лаа шүдэнз зэрэг 15 нэр төрлийн зүйлийг бэлтгэсэн байх ёстой ажээ. 
"Говийн чоно" гамшгаас хамгаалах сургуулилтын үр дүнд манай Онцгой байдлын албан хаагчид болон яаралтай тусламж үзүүлэх чиглэлийн хүмүүс гадны 14 орны туршлагаас суралцаж дадлагажих бөгөөд иргэд ч ямар нэгэн гамшгийн үед өөрийгөө болон өрөөлийг хэрхэн хамгаалахад суралцах юм. 
Өмнөговь аймгийн Даланзадгад сум нь өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн байдлаар 24072 хүн ам тоолуулсан байна. 
Д.Мишигсүрэн
Related news