"Оюу толгой- Өнөөгийн байдал-Иргэдийн нүдээр" сэдэвт хэлэлцүүлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 19:19:06
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Ханбогд суманд "Оюу толгой- Өнөөгийн байдал-Иргэдийн нүдээр" сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-нд болно. 
"Оюу толгой ХХК-тай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон" гэж "Оюуны өргөө ТББ-ын тэргүүн С.Сандагсүрэн хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Оюу толгойн гэрээт компаниудын Нийгмийн хариуцлага, орон нутгийн иргэдийн ажил эрхлэлт, ажлын цалин хөдөлмөрийн нөхцөл, орон нутгаас хамгийн олон эмэгтэй ажилладаг "SSM" компанитай холбоотой санал бодлоо хуваалцах ажээ.  
Дээрх асуудлуудаар иргэдтэй ярилцаж, санал хүсэлтийг нь Оюу толгой ХХК-ийн удирдлагуудад уламжлах юм байна. 

Оюутолгой уурхайд тус аймгийн 1538 иргэн ажилладаг ба үүнээс Оюутолгой ХХК-ийн үндсэн ажилтанаар 415 иргэн, бусад нь туслан гүйцэтгэгч, гэрээт компаниудад ажиллаж байна.

Оюутолгойн нийт ажиллах хүчний 95 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаагаас 23 хувь нь Өмнөговийн иргэд байгаа юм.

Д.Мишигсүрэн

 
Related news