Өмнөговийн баруун бүсийн хурдан морины уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-21 09:34:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан ирэх сарын 5-6-ны өдрүүдэд болно. Гурвантэс суманд болох уг уралдааныг зохион байгуулах журамд заасны дагуу үндсэн 6 насны морьдыг уралдуулах бөгөөд эрлийз морь уралдуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхааруулж байгаа юм.
Уралдаанд гарах морьдыг шүдэлж гарааны зурхай руу хөдөлгөх бөгөөд эхний таван байрт хурдалсан бага дөрвөн насны морьдыг дахин шүдэлж зөрчил илэрсэн тохиолдолд уралдаанаас хасч дараагийн морьдыг байр эзлүүлэх ажээ. Мөн эхний таван байрыг морь бариачид тусгай пайзаар барих бөгөөд дараагийн морьдыг тусгай дүрс бичлэг ашиглан байр эзлүүлэх юм байна. Уралдаанд оролцсон нийт хурдан морьдын эхний  35 хувьд батламж олгож цулбуурын бай шагналыг олгох юм.
Хурдан морьдыг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд хүүхдийн аав, ээж асран халамжлагчийн тодорхойлолттой байх шаардлагатай ажээ. Мөн өөр аймгийн морьд уралдах бол 50 мянга, Өмнөговь аймгийн морьд 20 мянган төгрөгийн хураамж төлж уралдаанд оролцох эрхээ авах юм байна.  
Хурдан морины уралдааныг Өмнөговь аймгийн ЗДТГ, Гурвантэсийн хүлэг уяачдын холбооноос зохион байгуулж байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн

Related news