“Jonson & Jonson” компани хохирогч эмэгтэйд 110 сая долларын нөхөн төлбөр олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Миссури муж улсын тангарагтан шүүгчид Виржиниа муж улсын оршин суугч эмэгтэйд “Jonson & Jonson” компаниар 110 сая долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргажээ.
“Jonson & Jonson” компанийн танар /тальк/ бүхий эмэгтэй хүний ариун цэврийн бүтээгдэхүүнийг олон арван жилийн турш хэрэглэсний улмаас өндгөвчний хавдар туссан хатагтай Лоис Слемп тус компанийг буруутган шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээллээ.
Уг талькийг “Jonson & Jonson” компанид Парисын “Imerys SA” компанийн охин компани болох “Imerys Talc America” нийлүүлдэг аж.
Өдгөө 62 настай Лоис Слемп өндгөвчний хавдартай болохыг 2012 онд оношлон илрүүлсэн байна. Тэрнээс хойш хавдар нь бага багаар даамжран элэг рүү нь тархжээ. Хатагтай Лоис Слемпийн ярьж байгаагаар, тэрбээр “Jonson & Jonson” компанийн үйлдвэрлэсэн хүүхдийн нунтаг цацлага болон “Shower to Shower” цувралын бүтээгдэхүүнийг 40 жилийн турш хэрэглэсэн аж.
Мөн Л.Слемп тус компанийг бүтээгдэхүүнүүдэд азбест агуулагддаг байсан гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр хүнд өвчний улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй байна.
Уг хэргийг шүүхээр авч хэлэлцэх үеэр тус компанийн хуульч хэлэхдээ "манай компанийн бүтээгдэхүүн хатагтай Л.Слемпэд хавдар үүсгэх боломжгүй, манай бүтээгдэхүүнд азбест агуулагддаггүй "гэж мэдэгджээ.
Дээрхтэй төстэй тус компанийн эсрэг нэхэмжлэлийг нийт 2400 хүн гаргажээ. Эдгээр хүмүүс тальк бүхий бүтээгдэхүүнүүд нь хавдар үүсгэж болзошгүй гэж хэрэглэгчиддээ анхааруулаагүй гэж тус компанийг буруутгаж байгаа юм. Ийм бүтээгдэхүүний тоонд хүүхдийн “Baby Powder” цацлага ордог байна.
Хүүхдийн нунтаг цацлага, тальктай гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь өндгөвчний хавдар үүсгэдэг гэсэн судалгааг тус компани үл хэрэгссэн гэж “Jonson & Jonson” компанийг буруутгаж байгаа бол тус компани үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.
Өнгөрсөн онд мөн ийм нэхэмжлэлээр тус компаниар хэдэн арван сая долларыг албадан төлүүлж байжээ.
О.Барс