Америкчуудын талаас илүү хувь нь хэвлэл захиалан уншдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sarnai@montsame.mn
2017-05-05 12:42:06
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.  Америкчуудын талаас илүү хувь нь  мэдээ мэдээлэл авахын тулд ямар нэг байдлаар төлбөр төлдөг бөгөөд тэдний тал хувь нь сонин захиалан уншдаг гэж саяхан хийсэн судалгаанд дурджээ. 
 
Интернет дэх мэдээлэл үнэгүй байдаг учраас залуу хүмүүс мэдээлэл авахын тулд мөнгө төлдөггүй гэсэн ойлголт түгээмэл байдаг хэдий ч 35-аас доош насны 10 хүн тутмын 4 нь төлбөр төлдөг гэдгийг АНУ-ын Хэвлэлийн хүрээлэн, The Associated Press-NORC төвийн хамтран явуулсан  Media Insight Project  төслийн судалгаа харууллаа.
 
Тухайн хэвлэл нь гол гол үйл явдлуудын талаар маш сайн мэдээлдэг, найз нөхөд болон гэр бүлийнхэн нь тухайн хэвлэлийг захиалан уншдаг, тухайн хэвлэлийн захиалгын үнэ хямдарсан байсан гэсэн гурван гол шалтгаанаар хүмүүс сонин хэвлэл захиалан уншдаг аж.
 
Мөн төлбөр төлж мэдээлэл авдаггүй 10 хүн тутмын 2 нь цаашдаа төлдөг болно гэсэн хандлага байгааг судалгаанд дурджээ.
 
Хэвлэл захиалагчдын ихэнх нь хэвлэмэл хэлбэрээр эсвэл дижитал хэлбэрээр уншдаг гэсэн бол зөвхөн 4 хувь нь аль аль хэлбэрээр нь уншдаг байна.  
 
Уг судалгааг Чикагогийн их сургуулийн судалгааны төв дэх AmeriSpeak® тооцоолуурын тусламжтайгаар хийжээ. Судалгааны асуултуудад нийт 2199 хүн утсаар болон цахим хэлбэрээр хариулсан байна.   

Х.Сарнай 
 


 

Related news