Гамшгаас хамгаалах сургуулилтанд дүүрэн хангалттай үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-06 10:01:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Гамшгийн хор уршгийг арилгах "Говийн чоно" олон улсын арга хэмжээ Өмнөговь аймагт таван өдрийн турш үргэлжлэн өчигдөр өндөрлөлөө. Уг арга хэмжээгээр тус аймаг нь дүүрэн хангалттай гэсэн үнэлгээг авчээ.
Дэлхийн найман орны ажиглагч, зөвлөгч нар болон өмнөд бүсийн зургаан аймгийнхан оролцсон энэхүү гамшгийн үед хариу арга хэмжээ авах туршлага солилцох үйл ажиллагаанд Даланзадгад сумын 22 мянга гаруй иргэдийг мөн Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан юм. Энэ үеэр тус айагт цаг агаарын байдал хүндрэлтэй, онц байдал зарлаж байсан хэдий ч тус арга хэмжээ төлөвлөгөөнийхөө дагуу амжилттай болж өндөрлөсөн байна.
Дадлагат цаг үеийн байдлыг Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өмнөд бүсийн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурга, малын гоц халдварт өвчин зэрэг хавсарсан гамшиг осол тохиолдсон гэсэн сэдвээр  өгсөн байсан юм. Мэргэжлийн албадууд болон байгууллагууд ийм үед хэрхэн ажиллах талаараа үзүүлэх сургуулилт хийсэн нь оролцогчдын талархалыг хүлээсэн байна.
Д.Мишигсүрэн
Related news