Улиастай, Байтаг боомтыг холбосон замыг Цонж аймгийн хөрөнгөөр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-10 10:25:48
Ховд/МОНЦАМЭ/ БНХАУ-ын Цонж хуй үндэсний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хунжүн, тамгын газрын орлогч дарга Ма Яньбин, Читай сумын Засаг дарга Жан Жиэнбин, Зам тээврийн товчооны намын дарга Жан Жүн, Газар нутаг, ашигт малтмалын товчооны дарга Пэй Үйжиан, “Лю Диван” ХК-ний ерөнхий захирал Цао Е Чи тэргүүтэй 10 гаруй зочид төлөөлөгчид энэ сарын 09-ний өдөр Ховд аймагт ажлын айлчлал  хийлээ.
Айлчлалын гол зорилго нь Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн тулгуур болсон Ховд хот, БНХАУ-ын Цонж  аймгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Зам харилцаа, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.
БНХАУ-ын Цонж аймгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандогдог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн удирдах  ажилтнууд  ЗДТГ-ын  ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын үеэр хоёр аймгийн эдийн засгийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Цонж аймгийн Улиастай боомт, Булган сумын Байтаг боомтын үйл ажиллагааг байнгын болгох, Уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах саналыг хоёр талын удирдлагууд  гаргаж  нэг шийдэлд хүрч чадлаа.
Тодруулбал, Улиастай, Байтаг боомтуудыг хагас жилийн идэвхтэй үйл ажиллагаанд оруулж, хоёр  боомтыг  холбосон 100 гаруй километр замыг БНХАУ-ын Цонж аймаг болон “Лю Диван” ХК хамтран  тавихаар болсон ба хоёр боомтоор жилд 500,0 мянган тонноос дээш ачаа бараа, худалдаа арилжааг  явуулахаар  болов. Үүнээс  гадна Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог БНХАУ-ын “Лю Диван” ХК-д уул уурхайн олборлолт хийх эрхийг олгож, шинээр уурхай нээхдээ байгальд ээлтэй “Ногоон үйлдвэр” нээн ажиллуулах ёстой гэдгийг онцолсон юм. Мөн аймгийн Засаг дарга хил гаальтай ойрхон бүс нутагтаа Коксжсан нүүрс болон Гангийн үйлдвэртэй болохыг хүсч буйгаа илэрхийллээ. Энэхүү саналыг БНХАУ-ын Цонж аймгийн Засаг даргын орлогч  Ма Хунжүн анхаарч дэмжинэ хэмээсэн юм.
Тус  уулзалттай холбогдсон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
А.Бямбасүрэн

 
Related news