“Хүмүүн бичиг” сониноос сонгосон эхийг хурдан, зөв, тод унших уралдаан зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-10 11:53:57
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний ням гаригийг "Үндэсний бичиг соёлын өдөр" болгон тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө 14 дэх жил нь тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ховд их сургууль дээр “Монгол бичиг-үндэсний бахархал” сэдэвт Үндэсний бичиг соёлын өдрүүдийг тэмдэглэлээ.
Энэ удаагийн Үндэсний бичиг үсгийн баярыг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор  Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль Хэл зохиолын тэнхим, Номын сан, Монгол хэл уран зохиол-II анги хамтран  зохион байгууллаа. 
Үндэсний бичиг үсгийн баярын ёслолын үйл ажиллагааны хүрээнд “Прогресс” сургуулийн МХУЗ-ын багш Г.Бурмааг урьж багш ажилчид, оюутнуудад уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэн, Их хөлгөн судар “Ганжур”, “Данжур”-ын тухай товч танилцуулга хийж, Хичээлийн I байранд “Эх хэлээ дээдэлье” номын үзэсгэлэн гаргаж, оюутнуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, монгол бичгийн олимпиадыг амжилттай явууллаа. 
“Уншлагын хурд” төрөлд “Хүмүүн бичиг” сониноос сонгосон эхийг хурдан, зөв, тод унших уралдаан зохиож, багш ажилчдын төрөлд I байрт Математик, мэдээлэлзүйн тэнхимийн багш Н.Мөнхбаяр, II байрт Интернэт мэдээллийн төвийн вэб мастер З.Одончимэг, мэргэжлийн бус ангийн оюутнуудын төрөлд I байрт Сургуулийн өмнөх боловсрол-I ангийн оюутан М.Нямцэцэг, II байрт Эрх зүй-II ангийн оюутан Н.Цэнджав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 
“Ухаан далай номоос эхтэй” идэвхтэй уншигч шалгаруулах уралдааны тэргүүн байрт Математик-III ангийн оюутан Г.Дамбарагчаа, удаах байруудад МХУЗ-II ангийн оюутан О.Мөнгөнцэцэг, БАБ-I ангийн оюутан Д.Нямжав, “Уран бичлэг-Монгол ухаан” уран бичлэгийн уралдаанд монгол бичгээр бийр, эвхмэл, хатгамал, сийлбэр, хайчилбар гэх мэт бүтээл хүлээн авснаас МХУЗ-IV ангийн оюутан М.Төмөрчөдөр түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 
Мөн “Үндэсний бичиг үсэг мину” өгөгдсөн эхээс монгол бичигт хөрвүүлэн бичих төрөлд I байр СӨБ-I ангийн оюутан М.Нямцэцэг, II байр НББ-I ангийн оюутан Т.Янжинлхам, III байр ХИС-ийн дэргэдэх Ахлах сургуулийн 11а ангийн сурагч Э.Есүйхэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа. 
Багш ажилчид, оюутнуудын дунд явуулсан “Монголын нууц товчоо” АХА танин мэдэхүйн тэмцээнд Түүх нийгэм судлал –II ангийн оюутан Буянзаяа түрүүлж, ХИС-ийн хуулийн зөвлөх Ц.Буянбат удааллаа. 
Мэргэжлийн ангийн оюутнуудын дунд явуулсан Монгол хэл, бичгийн олимпиадад МХУЗ-II ангийн оюутан Н.Нямцэцэг тэргүүн байр, МХУЗ-II ангийн оюутан Ц.Байгальзаяа, Б.Лхамноржин нар удаалж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
А.Бямбасүрэн
Related news