Мөрөн хотыг ногоон хот болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөл нуурыг үзэхээр ирж буй гадаад дотоодын жуулчид Мөрөн хотыг дайран өнгөрдөг билээ. Иймээс Мөрөн хотын иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах талаар орон нутгаас баримтлах бодлого, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Эрүүл, ногоон Мөрөн, сургалт зөвлөлгөөнийг зохион байгуулж Мөрөн хотыг ногоон хот болгох зорилт дэвшүүллээ. Зөвлөгөөнд Монгол улсын байгаль орчны гавъяат ажилтан доктор, профессор дендрологич Б.Чимэд урилгаар оролцож сургалт зөвлөгөөнд оролцож буй ажилтан, албан хаагчдад “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц орчмын тохижилт, цэцэрлэгжилт, цэцэрлэгт хүрээлэн, бусад орны туршлага, иргэдэд ээлтэй амьжиргааны хашаа, иргэдийн экологийн боловсрол, Төв суурин газрын ногоон байгууламжинд зориулсан модны суулгац бэлдэх, түүний ач холбогдол” сэдвүүдээр сургалт мэдээлэл өгч амьдран буй орчноо эрүүл байлгахын тулд ногоон болгох нь чухал гэдгийг онцолж байв. Уулзалтанд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл болсон 220 гаруй иргэд оролцож Мөрөн хотын иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулан ногоон хот болгохын төлөө хамтран ажиллахаар боллоо.
Б.Гантуяа