Өнөөдөр тивийн аваргын дэвжээнд манай 5 бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-12 09:45:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Дели хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 53, 55, 60, 69 кг-ын жингийн сугалаагаар манай бөхчүүдийн учраа тодорхой болов.

Тухайлбал, 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл эхний тойрогт эзэн орны Риту Ритутай оноолт таарсан бөгөөд түүнийг ялбал БНСУ-ын Ким Ёо Жин, Ю-Сиан Чан нарын ялсантай 1/4 шигшээд хүч үзнэ. Харин 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Мьон Суктай барилдана. Түүнийг ялвал 2016 оны жилийн Будапештын дэлхийн аварга Маю Мүкаида хүлээж байгаа. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг шөвгийн наймд Красноярскын “ Гран при”-гийн аварга Японы Саэ Нанотой оноолт таарчээ.

Харин 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Вин Нгьентэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө ялбал хагас шигшээд “Рио-2016” олимпийн наадмын аварга Рисако Кавай, БНХАУ-ын Зоу Жантинг нарын ялсантай барилдана. ОУХМ Ш.Түмэнцэцэг 69 кг-д шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын болон Азийн аварга Зоу Фенгтэй барилдана. Түүний ялвал олимп, дэлхийн аварга Японы Сара Дошо, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыкова нарын ялсан нь хагас шигшээд хүлээж байгаа юм.

Д.Өлзий
Related news