3х3 сагсан бөмбөгийн баг өнөөдөр Малайзыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-12 11:13:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ОУСБ/-ны 3х3 сагсанбөмбөгийн өндөр чансаа олгох цуврал Гран при тэмцээнд ур чадвараа сорих Монголыг баг өнөөдөр Малайз улсыг зорино.

Энэ сарын 13-14-нд Малайз Улсын Пенанг хотноо болох “FIBA 3x3 Penang Challenger” тэмцээнд Шинэ Зеланд, Япон, Хонконг, Польш, Малайз /Куала Лумпур/, ОХУ, Словени Того, Малайз /Пенанг/, Малайз /Пенанг хойд/ Малайз /Селангор/, Хорват, ОХУ Санк Петербург/, Австрали, Япон /Yokohama/, Монгол зэрэг 16 баг өрсөлдөхөөр болжээ. Тэмцээн зохион байгуулагч орон давуу эрхээр гурван баг өрсөлдүүлж байна.

Энэ тэмцээний шагналын сан 20 мянган ам.доллар бөгөөд тус тэмцээнээс шалгарсан шилдэг хоёр баг Дэлхийн шилдгийн шилдэг 12 баг өрсөлдөх “FIBA 3x3 World Tour” тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээнд оролцогчдоос хамгийн хүчирхэг баг нь Словений Ljubljana баг. Тэд 2016 оны FIBA 3x3 World Tour тэмцээний аварга. Мөн Японы Hanamatsu баг нь Канадын 2, АНУ-ын 1, Энэтхэгийн 1 тоглогчдоос багаа бүрдүүлсэн бол Японы өөр нэг баг Yokohama баг нь Серби, Бразилийн нэг нэг тоглогчийг багтаа оруулжээ. ФИБА 3х3 клубын системдээ гадны тоглогчид авахыг зөвшөөрдөг.
Сагсан бөмбөг өндөр хөгжсөн эдгээр улстай өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд том завшаан гэж болно. Манай Сүхбаатар багийн бүрэлдэхүүнд саяхан болсон Азийн Оюутны 3х3 төрлийн алтан медалийг эх орондоо авч ирсэн Б.Батзолбоо, О.Энхбаатар, А.Сүхбат болон Дэлхийн Оюутны АШТ-ны мөнгөн медальт А.Гансүх болон дасгалжуулагчаар С.Тулга ажиллана.

Манай баг хэсэгтээ ОХУ, Малайз, Польшийн хүчирхэг багуудтай таарсан байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн 3х3 сагсан бөмбөгийн холбоо зургадугаар сарын 3-4-нд ФИБА 3х3 цуврал Гран приг Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд дэлхийн шилдэг баг, тамирчид ирэх юм.
Д.Өлзий
Related news