Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-16 15:37:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Ноён гэсэн баруун гурван сумаас бусад сумдын бүх хонинд урьдчилан сэргийлэх тарилга хийж байна. Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн урьдчилан сэргийлэх тарилгыг мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуйн нэгжид нийлүүлээд байгаа бөгөөд нийт тарих хонины 96,5 хувьд нь урьдчилан сэргийлэх тарилга хийгээд байгаа ажээ. 
Мөн хургыг гурван сартайд нь урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах боломжтой болдог учир 7-8 саруудад урьдчилан сэргийлэх тарилга хийх ажээ.
Уг тарилгыг хурганд хийхдээ 14 хоногийн зайтай дахин давтамжтай хийж байж үр дүнгээ өгдөг байна. 
Аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтэсийн дарга Г.Мөнхчулуун ярихдаа "Малчид отор нүүдэл хийхдээ өөрийн харъяаны мал эмнэлгийс гарал үүслийн бичиг авч явах, эрсдэлтэй бүс нутгаас мал амьтан авахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх тарилга хийсэн бүсээс тарилга хийгээгүй бүсэд отор нүүдэл хийхгүй байх шаардлагатай байгаа" гэлээ.
Өнгөрсөн оны 11 сард тус аймгийн Ханхонгор сумын Жаргалант, Хондот багт хонины цэцэг өвчин гарсан нь тус аймгийн хувьд 63 жилийн турш байгаагүй  тохиолдол юм. 
Халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоож тухайн үед маш сайн арга хэмжээ авсны үр дүнд намдааж чадсан юм. 
Д.Мишигсүрэн
Related news