Өнөөдөр зарим чиглэлийн троллейбусууд үйлчилгээ үзүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-05-20 14:35:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийтийн тээврийн нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өнөөдөр өөрчлөлт оруулаад байна.

Тодруулбал 18.00 цаг хүртэл Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөөд байгаа юм.  Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Мөн өнөөдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбусууд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
Н.Туяа

 
Related news