"WannaCry" кибер халдлага Хятадтай холбоотой байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-30 09:56:55
ЛОНДОН./ВВС/. “WannaCry” хэмээх вирусийг дэлхийн олон мянган байгууллагын компьютерт тараасан этгээдүүд нь хятад хэлээр ярьдаг хүмүүс байж магадгүй гэдгийг саяхан хийсэн дүн шинжилгээ харууллаа.

Уг вирусийг тарааж, "заасан хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол компьютер дээрх мэдээллийг устгах болно" гэсэн анхааруулгыг хятад хэлээр төгс ярьдаг хүн бичсэн болохыг “Flashpoint” байгууллагын судлаачид олж тогтоосон байна.

Тэдний хэлснээр, хятад хэлний дүрэм болон цэг таслалыг зөв хэрэглэснээс үзэхэд гэмт этгээд нь  “унаган хятад хэлтэй эсвэл хятад хэлээр чөлөөтэй ярьдаг” бололтой.

Харин барьцааны мөнгө нэхсэн анхааруулгын орчуулсан хувилбаруудыг хүн бус “машинаар орчуулсан” бололтой гэж мэргэжилтнүүд хэлэв.

“WannaCry” вирусийн барьцааны мөнгө нэхсэн анхааруулгыг 28 өөр хэлээр бичсэн байсан бөгөөд тэдгээрээс зөвхөн хятад болон англи хувилбарыг нь л хүн бичжээ.

Англи хувилбарт нь "But you have not so enough time" /Гэхдээ танд тийм ч хангалттай хугацаа байхгүй/ гэх мэт өвөрмөц бичлэг, хэллэгийг ашигласан байв.

Тавдугаар сарын 12-нд болсон “WannaCry” кибер халдлагад дэлхийн 150 орны 200 мянга гаруй компьютер, тэдгээрийн дотор улс орнуудын засгийн газар, эмнэлэг болон хувийн компаниудын системүүд өртсөн юм.

Энэ халдлагын ард хэн байгааг олж илрүүлэхээр Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газар, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Европын Холбооны Европол зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Кибер халдлагын ард Умард Солонгосын хакерчид байж магадгүй гэж судлаачид өмнө нь үзэж байсан юм.

Харин “Flashpoint”-ын судлаачдын мэдэгдсэнээр, барьцааны мөнгө нэхсэн анхааруулгыг солонгосоор маш муу орчуулсан байжээ.

Их Британийн Суррея их сургуулийн профессор, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Алан Вудворд хэлэхдээ “хятад болон англи хувилбарыг нь л тухайн хэлүүдийг сайн мэддэг хүн бичсэн нь илт байна. Үлдсэнийг нь “Google Translate”-аар орчуулсан байна. Солонгос хувилбарыг  ч мөн адил” гэж хэлэв.

 
Г.Доржханд

 
Related news