Алтай нутгаар аялах гурван чиглэлийн маршрутыг танилцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлгэр зуны улирал болж амралт, аялал жуулчлал эхэлж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн нутгаар ямар маршрутаар хэрхэн аялж, ямар сонирхолтой зүйл үзэж амарч болох талаар тус аймгийн аялал жуулчлалын гурван чиглэлийн маршрут бий.
Аялал жуулчлалын 1- р маршрут
Алтай хот - Хүнхэр амралт - Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө–Эрээн нуур-Долоон тогооны талын агуй- Тайшир сум - Харандаа хад - Тайшир УЦС - Нарванчин гэгээний хийдийн туурь- Алтай хот. Нийт 343 км
Энэ чиглэлд Түргийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийн сонирхож, алдарт Монгол элсний дунд орших нууранд орж, наран шарлага хийх ба элсний аялал хийж талын агуйгаар орж түүх, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг УЦС-ын үйл ажиллагаатай танилцана.
Алтай хот-Говь-Алтай нурууны салбар уулс болох Хантайширын нуруу, Далангийн нуруугаар хүрээлэгдэн далайн түвшнээс дээш 2167 м өндөрт оршдог. Манай орны аймгийн төв дотроос хамгийн өндөрт оршино. Байгалийн үзэсгэлэнт газар болох Адуун чулууны гол, Зэлийн гол, Өлийн хавчиг, Богочийн даваа, Оцон цахир, Рашаантын булаг, Цахир хаалга, Цахир булаг зэрэг газрууд байдаг. Ой мод 1120 га, хот сууурин 5377 га, зам, шугам сүлжээ 470 га, усны сан бүхий газар 20 га-г тус тус эзлэдэг. Шинэсэн ой бүхий 9 ам байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн гол горхи, рашаануудтай. Ойд 100 гаруй халиун буга тоологдсон.
Хүнхэр амралт-“Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600метр өндөр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн гол Алтай хотоос 70 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэр голын рашааныг нутгийн ард олон 200-д жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид, гидрокарбонат, кальци, магни, натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө- Жаргалан сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайтай. Сүмийн дэн /дэнж/ хэмээх газарт Түрэгийн үеийн хүн чулуу, хашлагаас бүрдсэн 5 цогцолбор бий. Хамгийн өмнө захын хашлагын урд байсан чулууг одоо Алтай хотын музейн үүдэнд аваачиж тавьжээ. Үүний газраас цухуйх өндөр нь 1.2 м, мөрний өргөн 45 см, зузаан нь 20 см. Улбар өнгийн нягт хатуу боржингоор биеийн эд нүүрэн хэсэг товойлгон дүрсэлж мөн баруун гараа энгэр тушаа авч хундага барьсан, зүүн гараа бүсэн дээрээ тавьсан, бүснээс нь жижиг махир хутга, сэлэм зэргийг зүүсэн байдалтай дүрсэлсэн байна.Энэ хүн чулууны ард 370-325 см хэмжээтэй дөрвөлжин хашлага чулуу бий.
Үүний хойд талд 2 м зайтай орших 3.4-3.1 м хэмжээтэй чулуун хашлагын зүүн талд хар толботой улбар шаргал боржингоор хийсэн хүн чулуу зоолттой байна. Газраас цухуйх өндөр нь 1 м, мөрний өргөн 36 см, зузаан 20 см.Энэ хүн чулууны хойд талд 1.65 м зайтай, 2.9-2.6 м хэмжээтэй хашлагын зүүнтэй бүдүүн ширхэгтэй улбар шаргал боржингоор хийсэн цэг 1 хүн чулуу зоолттой байна. Дараагийн хашлага түрүүчийнхээсээ 1.3 м зайд байрлах ба үүний хажууд мөн нэг улбар боржингоор хийсэн 1.5 м өндөр, 0.27 м өргөн, 0.2 м зузаан босоо хүн чулуу сул хэвтэнэ. Хамгийн хойд захын хашлага 2.55-2.4 м хэмжээтэй.Эдгээр хүн чулууны хийц дүрслэл тахилгын байгууламжийн бүтэц зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг гэрчилнэ. Евроазийн тал нутагт нийт 750 гаруй хүн чулуун хөшөө байдагийн 550 гаруй нь монгол нутагт байдаг.
Эрээн нуур – Завхан гол Хангайн нурууны оргил Отгонтэнгэр уулаас эх авч 765 км урсаж Айраг нуурт цутгахдаа Жаргалан сумын нутгаар 90 орчим км урсаж Эрээн нуурыг шууд болон газрын гүнээр дамжуулан тэжээн тэтгэж байдаг юм.
Эрээн нуур нь эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, загастай, цэнгэг устай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо бургас, хус мод, завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшгуудын нэг юм.
Эрээн нуураас баруун тийш 6 кмт танан цагаан өнгөөр гялтагнан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур, Эрээн нуураас элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий арын их элсэн манханд хар сүүлт, цагаан зээр хэдэн зуугаараа, чоно үнэг, мануул, хярс, янгир, ямаа, нэлээд элбэг, цөөн тооны аргаль угалз байдаг.
Тайширын усан цахилгаан станц, Гэгээн нуур: 130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.
Харандаа хад: Сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд байдаг. Мөн Чежү арлын эргийн нэг хэсэгт яг ийм харандаа хад байдаг.
Нарванчин гэгээний хийдийн туурь: Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн Б.Пүрэвжав, Дэмчиг бурханы хувилгаан Дүвчин дилав хутагт Б.Жамсранжав нарын Халх даяар алдартай хүрээ хийд эдүгээ чулуун туурь болон үлджээ.
Хийдийн туурь 250-300 м2 орчим талбайтай. Тэнд 12,5м урт, 5 м өндөр 85 см өргөнтэй гол сүмийн хойд хана , түүний баруун, зүүн талд байх 8-10м урт, 1,6 м өндөр, 40 см өргөнтэй 2 хананы үлдэц байдаг. Хананы үлдэцийг ажиглахад хавтгай чулуугаар суурь тавиад дээр нь түүхий тоосгыг босоогоор нь өрж, үйлджээ. Барилгын дээврийн зориулалттай хээтэй, хээгүй ваар шаазан эдлэлийн үлдэгдэл, нөмрөг ваар, хөх тоосгоны хагархай , энд тэндгүй хөглөрнө. Зэс аяга, тахилын цөгц, чимэглэл зэрэг зүйлсийг хананы хөндийд шургуулсан байдаг.
Аялал жуулчлалын 2-р маршрут
Алтай хот-Бигэрийн Улаан явар–Бурхан буудай уул- Бигэр сум Таван элсний бөөрний сувилал–Бичигт хад-Цагаан хаалганы рашаан-Цогт сум – Ээж хайрхан уул –Хаяагийн говь, услалтын систем-Буурын гол давсны орд газар –Цээл сум- Алтай хот Нийт 547 км.
Байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялж элсэн манхан үзэх, наранд шарах, 30 м өндөр хүрхрээ үзэх, Есөн тогоо, Даянч ламын агуйгаар орох жимсний төгөл үзэх боломжтой.
Бурхан буудай уул: Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Нийт талбайн хэмжээ 52110га.
Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтдыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласнаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.
Бигэр сум: Улаанбаатар хотоос 1050 км, аймгийн төвөөс 112 км-т оршдог. Алтайн нурууны урд хэсэгт говийн хэсэгт багтаж, Бурхан буудай, Сэрхийн нурууны сав газарт багтаж, говь, хоолой, бэл, тал, уул нуруу хосолсон нутагт 382,6 мянган га талбайг эзлэн оршдог.
Таван элс - Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг.
Эндээс алтан савны амсар, хос алтан ээмэг, оюу, номин, хүрэл эдлэлийн хэсэг зэрэг ховор олдворууд олдсон байдаг. Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ.
Дээр үед ганц элсэн толгой байсан гэж хуучилдаг. Нэгэнт бут мод нь шатаж хувхайран элсний нүүдэл ирж тогтсон гэж үздэг.
Бичигт хад: Бигэр сумын төвөөс 20 км-т оршдог. Эртний Түрэг бичээс, сүг зураг бүхий түүх соёлын дурсгал юм. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 230 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалттай түүх соёлын газар болгосон. Бичигт хад хэмээх толгойн баруун өмнө, өмнө хаданд 4 хэсэг эртний Түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг бичээс гэдэг.
Ээж Хайрхан уул- нь Манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал : Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Эдгээр тогооны усыг шинжлүүлэхэд рашааны чанартай болох нь тогтоогдоод байгаа юм.
Эдгээрээс гадна Ембүү хад ,мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.
Буур нуур: Цогт, Цээл сумын нутгийн заагт оршино. Давс олборлодог гол нуур бөгөөд жилд дунджаар 100-200 тн давс олборлодог. Сувилалын журмаар ашиглаж болно. Том хэмжээний давсны орд газрыг сонирхож болно.
Алжаалаа тайлж амрахдаа байгалийн сайхныг сонгон Монгол нутгаараа бахархдаг эрхэм танд Говь-Алтай аймгаар аялан амрах гурав дахь маршрутыг танилцуулж байна.
Шаргын өргөн уудам говь, хулан тахийн сүрэг, бөхөн, хар сүүлт зээр, янгир, Галданбошготын булш, зэв, дуулгыг үзэх, төрийн тахилгат Сутай уулыг сонирхон, нэг өдрийн дотор жилийн 4 улирлын уур амьсгалтай танилцах боломжтой.
Сутай хайрхан: -Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4250 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Энэ хайрханыг сарлагийн бух унасан эмэгтэй савдагтай хэмээдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтнаар арвин, мал аж ахуйд өгөөжтэй сайхан нутаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сутай хайрхан уулыг төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна.
Тахь нутагшуулах төв -Говийн их дархан газрын “Б” бүс болгон 1975 оноос тус бүс нутгийг улсын хамгаалалтанд авч, 1991 онд шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь нутагшуулах эрдэм шинжилгээ туршилтын төв нэртэй байгуулагдан 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд Тахийн талд Христиан Освальдын сангийн дэмжлэгээр анх 5 тахь Европоос авчирч түүнээс хойш энэ хаврын төлтэйгээ 200 гаруй толгой хүртэл өсөөд байна.
Алагхайрхан уул: -Монгол Алтайн гол нуруунаас урагшаа салбарлан орших 3739 м өндөр, ховор амьтан болох аргаль, янгир, шилүүс бүхий уулын хээрийн бүс нутаг юм. Ховор, нэн ховор ургамал буюу вансэмбэрүү сэржмядаг, юмдүүжин ургадаг нутаг юм.
Ш.Цоодол