Дэлхийд зартай зэвсгийн наймаачин А.Хашогги нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-07 11:45:49
АСТАНА./КАЗИНФОРМ/. Дайны дараах цаг үеийн хамгийн том зэвсгийн наймаачин гэгддэг Саудын Аравийн тэрбумтан Аднан Хашогги Лондонд 81 насандаа өөд болжээ. Паркинсоны өвчнөөр шаналж байсан тэрбээр хүүхдүүдийнхээ дэргэд нас барсан гэж түүний төрөл төрөгсдийн хийсэн мэдэгдэлд дурдсан байна.

Аднан Хашогги 1935 онд Саудын Аравийн хааны хувийн эмч байсан Абдель Азизын гэр бүлд төржээ. 1960-1980 оны хооронд А.Хашогги АНУ, Саудын Аравийн хооронд зэвсэг худалдах гэрээг байгуулахад зуучлагчаар оролцож,  хэдэн арав, хэдэн зуун сая доллароор тоологдох хэмжээний хувь шимтгэл авч байв. 1980-аад он гэхэд А.Хашоггийн хөрөнгө чинээ тэрбум доллароор хэмжигдэж, тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм.

А.Хашогги санхүүгийн олон дуулиан шуугианд холбогдож байжээ. Тэрбээр 1980-аад оны Иран-Иракийн дайны үед АНУ-аас Иранд зэвсэг нийлүүлэх хэлцлийг байгуулахад гол зуучлагчаар оролцож байв. Мөн Филиппиний дарангуйлагч Фердинанд Маркос мөнгө угаасан хэрэгт холбогдоход түүний оролцоо байсан аж. 1988 онд түүнийг санхүүгийн луйвар хийсэн хэргээр Швейцарьт баривчлан АНУ-д шилжүүлэн өгсөн юм. 1990 онд Америкийн шүүх Хашоггиг цагаатгажээ.

А.Хашоггийн эмэгтэй дүү болох Самира нь Египет гаралтай Их Британийн тэрбумтан Мухаммед Аль-Файед-тай гэрлэсэн ба тэдний дундаас төрсөн хүү Доди Аль-Файед нь 1997 онд  Диана гүнжтэй хамт явж байгаад Парис хотод автомашины ослоор нас барсан байна.
О.Барс 

 

 

 


Related news