Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-12 21:09:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа  хуулийн хүрээнд явагдаж байна.  Тус аймгийн Ардчилсан нам нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сурталчилгааны ажлын нээлтийг өчигдөр аймгийн төвд “Ардчиллын өргөө”-ний үүдэнд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол  ялна”  уриатай түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сонгогч олонд тайлбарлан, намтар, хийж хэрэгжүүлсэн бодит ажил, шинэ санаачлага цаашдын зорилт зорилгын талаар намын гишүүд, сонгогчид, ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээллээ.
Нэр  дэвшигчийн сурталчилгааны  нээлтэнд аймаг хариуцсан менежер О.Амгаланбаатар, сонгуулийн штабын дарга Д.Чинзориг, аймгийн АН-ын дэд дарга Л.Чинбат  болон намын удирдах ажилтнууд, гишүүд, сонгогчид, иргэд хөдөлмөрчид оролцсон юм. 
Нээлтийн үеэр намын ахмад гишүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл үг хэлж, нэр дэвшигч  Халтмаагийн Баттулга эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний  эрх ашгаа дээдэлсэн  эх оронч ерөнхийлөгч байж, иргэд хөдөлмөрчдөө дэмжин ажиллах найдвартай нэгэн тул нэр дэвшигчийг дэмжихийг уриалсан юм. Цуглаанд оролцогчид санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн “Халуун элгэн нутаг” дууг хамтдаа дууллаа.

        Ш.Цоодол

 

Related news