Ерөнхийлөгчийн сонгуульд АН-наас нэр дэвшигч Х.Баттулга Говь-Алтайн иргэдтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өчигдөр Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгад иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрээр Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, ажил амьдралтай нь танилцан яриа өрнүүлж дараа нь Алтай хотын төв талбайд байрлах Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн мэхийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын иргэдтэй хийсэн уулзалтанд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, асашёорюү Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг албаны хүмүүс, Говь-Алтай аймаг дахь сонгуулийн менежер О.Амгаланбаатар, аймгийн АН-ын дэд дарга Г.Чинбат нар оролцлоо.
“Монгол ялна” уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга иргэд сонгогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч иргэд олон түмэн, эх орныхоо төлөө зүтгэсэн эх оронч ерөнхийлөгч байх болно гэдгээ илэрхийллээ.
Ш.Цоодол