"Говь" ХК-ийн үйлдвэрт гарсан галын улмаас хүний амь эрсдээгүйг мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-06-15 16:39:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Галын улмаас багагүй хохирол амсаад байгаа "Говь" ХК нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд "Говь ХК-ийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэг шатаж, ноцтой аюул учирсан ч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй болно. Галын голомтод бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны гал унтраах ангийн нийт ажилтан, албан хаагчид, УСУГ, Хот тохижилтын газрын хамт олон, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, Улаанбаатар төмөр зам ТӨХК бидэнтэй сэтгэлээрээ хамт байсан харилцагч, хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн үндэсний үйлдвэрийнхээ төлөө сэтгэл зовнин, залбирч суугаа Монголынхоо ард түмэнд баярлалаа" гэжээ.  

  
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах тус үйлдвэрийн барилгад өчигдөр 20,45 минутаас эхлэн гал гарч, дээврийн хэсэг нь бүрэн шатсан юм. Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн олон цаг ажилласны эцэст галын тархалтыг зогсоож, одоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа.
Үйлдвэрт учирсан хохирлын хэмжээг тогтоогүй бөгөөд галын шалтгааныг цагдаагийн хэрэг бүртгэгч, онцгой байдлын шинжээчийн хамтарсан үзлэгээр тогтоох юм. Харин үйлдвэрт учирсан хохирлыг даван туулах, дэмнэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгчид болох “Витафит”, "Монфрэш", “АПУ”, “Жүр үр” компаниуд галын голомтод ажиллаж буй алба хаагчдад хүнсний тусламж үзүүлж, зарим иргэд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах уриалга гаргаад байна.



"Говь" ХК-ны тухайд,

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийг 2007 оны 7 сард хувьчилж, төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан. Ингэснээр “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог. 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Тус үйлдвэрт ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драпаар бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг урлан, гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. 2014 оноос пальто, пиджакны үлгэр суулт, оёдлын болон материалын чанарыг цоо шинэ технологийн дэвшилд хүргэх зорилгоор Японы №1 эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэгч Lapine компанитай хамтран ажиллаж байгаа юм. Мөн орчин үеийн дэвшилтэт Япон, Герман, Итали, Швед, Хятад, Голланд улсын нэхмэлийн болон боловсруулалт хийх тоног төхөөрөмжүүдээр төрөл бүрийн жаккард хээтэй нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 
 
Н.Гантуяа
Related news