Гэгээн Николай Чудотворецийн “зүүн хавирга”-д мөргөх сүсэгтнүүд урт дараалал үүсгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-06-16 11:20:13
Москва /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 21-ний өдөр Гэгээн Николай Чудотворецийн “зүүн хавирга”-ыг Италийн Бари хотоос Москвад авчирсан билээ. Христийн шашны хамгийн алдартай гэгээнтний нэгд тооцогддог Николай Чудотворецийн “зүүн  хавирга”-д мөргөж адис авах гэсэн сүсэгтэн олон Москва хотын “Аврагч Христийн сүм”-ийн гадаа урт дараалал үүсгэн хүлээж байна.
 
Одоогийн байдлаар Гэгээн Николай Чудотворецийн “зүүн хавирга”-д 700 мянган сүсэгтэн мөргөөд буй аж. Зүүн хавирга нь зүрхэнд хамгийн ойр байрладаг учир ихэд бэлгэшээж байна хэмээн нэгэн сүсэгтэн ярьсан юм.
 
Гэгээн Николай Чудотворец нь IV-р зууны 270 онд одоогийн Туркийн нутаг дэвсгэрт мэндэлжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л онцгой нэгэн байсан бөгөөд ихэнх тохиолдолд далайд живж буй хүмүүсийн амийг авардаг байсан учир түүнийг далайд аялагчдыг тэтгэгч хэмээн эртнээс дээдлэн иржээ. 
Өвлийн өвгөн буюу Санта Клаусыг мөн Гэгээн Николай Чудотворецээс сэдэвлэн бүтээсэн түүхтэй. Зул сарын үдэш христийн шашинтай айлууд Санта Клаус бэлэг үлдээнэ хэмээн зуухнаасаа оймс өлгөдөг нь Гэгээн Николай Чудотворецээс бэлэг хүлээж буйтай агаар нэг юм. 
 
Христийн шашинд гэгээнтнүүдийн эрхтнээс аль болох олон хүн адис авах боломжийг бүрдүүлэх нь ариун явдалд тооцогддог ажээ.  Гэгээн Николай Чудотворецийн бие маш олон хуваагдсан байдаг бөгөөд ихэнх хэсэг нь Италийн Бари болон Венеци хотын сүмүүдэд байдаг аж.
 
Гэгээн Николай Чудотворецийн “зүүн хавирга”-ыг ирэх долдугаар 13-28-ны өдөр Санкт-Петербург хотноо
олонд дэлгэн үзүүлэх ажээ.

 
Москва хот
Л.Нандинцэцэг
 
 
 
 
Related news