“Амь аварсан амь” нэвтрүүлэг Дорнодын ОБГ-ын аврагчдын тухай өгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:57:08

“Монголд нэгэн удаа” баримтат цуврал нэвтрүүлгийн анхны дугаар болох “Амь аварсан амь” нэвтрүүлэг ирэх ням гараг буюу 11 дүгээр сарын 1-ний 22:00 цагт Ийгл Ньюс телевизээр үзэгчдэд хүрэх гэж байна.

Энэхүү нэвтрүүлэгт чимээгүйхэн ажлаа хийж,  үүргээ биелүүлдэг, амиа ч зориулж чаддаг эгэл хүмүүсийн тухай өгүүлэх юм. Тодруулбал, 2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн түймэр дэгдэж, түймрийг унтраахаар очсон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид рүү салхины чиглэл өөрчлөгдөн дүрэлзсэн улаан гал яах ийхийн зуургуй ирж, Онцгой байдлын дэслэгч, аврагч шүхэрчин, гал сөнөөгч 38 настай Ч.Намжилдаш, Онцгой байдлын ахлагч эрэн хайх аврах салбарын аврагч, 28 настай С.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах салбарын аврагч шүхэрчин, аврагч, 27 настай Ж.Одбаяр нар газар дээрээ амь эрсэдсэн юм. Салхины чиглэл өөрчлөгдөн гал дүрэлзэн ирэх үед Онцгой байдлын ахлагч Г.Багабиш өөрийнхөө амийг золиослон А.Болорсүхийг доороо хийж, амь насыг нь авраад биеийнх нь 95 хувь түлэгдэн улмаар арав орчим хоногийн дараа амь эрсэдсэн харамсалтай хэрэг одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сард гарч байв.

Б.Туяа

Related news