Г.Өсөхбаяр алдарт К2 уулын оргилд гарахаар мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-17 15:02:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өчигдөр Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог К2 уулын оргилд гарахаар хилийн чанадыг зорив.

“Алуурчин уул” гэгддэг К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. Энэ жилийн хувьд К2-ын оргилд нэг ч хүн гарч чадаагүй байгаа. Дэлхийн хамгийн эрсдэлтэй, хүнд замтай энэ оргилыг гурав, дөрвөн жил дараалан зорьж очоод, гарч чадаагүй уулчид олон.

Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болж байна. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлээс болж буцаж ирсэн байдаг.



K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэр 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм.

Харин 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм.

К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ.Энэ мэт К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу уул. “Эверестэд гарсан уулчин мундаг ч К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг” гэж уулчны зиндааг тодорхойлдог байна.

Д.Өлзий
Related news