АНУ Сири рүү тусгай цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-31 12:46:48

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд зөвлөгөө өгөх зорилгоор тус улсын хойд нутаг руу АНУ-ын Тусгай ажиллагааны хүчнийг илгээхээр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама шийджээ.

Баасан гарагт Обама уг төлөвлөгөөг баталсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест мэдэгджээ.

Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд АНУ-ын хүчин зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх боловч мөргөлдөөнд оролцохгүй гэж тэрбээр мэдэгдэв.

50 хүрэхгүй тусгай цэргийг Сири рүү илгээх бөгөөд энэ нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ-ын ажиллагааг бэхжүүлэх юм.

АНУ тусгай цэргүүдээ Ирак руу илгээж, тус улсын Засгийн газрын хүчнийг бэлтгэж байгаа билээ.

Энэ сарын эхээр Обамагийн Засгийн газар Сири дэх зэвсэгт бүлэглэлд агаараас сум, зэвсэг зэрэг хангамж хаяж эхэлсэн. Энэ нь Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийг бэлтгэх хөтөлбөр бүтэлгүйтсэнтэй холбоотой юм.

Д.Нямтулга

Related news