"Буянт" хүүхдийн зуслангийн 60 жилийн ой энэ жил тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 10:02:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн зусланг байгуулаад 60 жил болжээ. 1957 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Буянт" хүүхдийн зуслан ирэх найман сард түүхт ойгоо тэмдэглэх аж. 
Энэ жилийн хувьд хоёр дахь ээлжийнхээ хүүхдүүдийг авч ая тухтай амрах орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус зусланд орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэрбум гаруй төгрөгийн засвар хийж, шинэ техник тоног төхөөрөмжөөр хангасан юм. Одоо гадна талбайн тоглоомын талбайг шинэчлэхээр ажиллаж байгаа ажээ. 
"Буянт" хүүхдийн зуслан энэ зун долоон ээлжинд хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн бөгөөд ээлж бүр өөр өөр сургалтын хөтөлбөртэй байгаа юм. Тухайлбал англи хэл, сагсан бөмбөг, спорт бүжиг гэх мэтээр амралтын ээлж бүрийн сургалтын хөтөлбөрийг төрөлжүүлж өгсөн нь энэ жилийн онцлог гэнэ. Мөн хүүхдүүд сургалтын хөтөлбөрийг нь сонгож амрах боломжийг олгож байгаа ажээ.
"Буянт" хүүхдийн зуслан нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сумаас хүүхдүүд ирж амрахаар захиалгаа өгөөд байгаа юм байна. 
Зуслан зуны ээлжийн дараа намрын ээлжинд хүүхдүүдийг амраах ажээ. 
Д.Мишигсүрэн

Related news