Хүндийн өргөлтийн залуу тамирчид 12, 16 дугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-20 11:21:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай гурван тамирчин оролцож өчигдөр тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Энэ сарын 16-нд эхэлсэн ДЗАШТ-д 31 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байна. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзсэн Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12 дугаар байр эзэлсэн бол Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16 дугаар байрт шалгарчээ.

Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчид эхний гурван байрт орсон байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин нь эхний захиалгадаа бүдэрч тэмцээнээ дуусгажээ.

Манай улсаас олон улсын шүүгч Л.Одгэрэл 2017 оны ДЗАШТ-д шүүгчээр ажиллаж  байгаа юм. Тэмцээн зургадугаар сарын 23-нд өндөрлөж шилдгүүд тодорно.

Д.Өлзий
Related news