1200 гаруй иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 15:46:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж, “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Улсын төв II эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн эмч нар 1200 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Энэ үеэр Аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай Дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Буянжаргал, Улсын төв II эмнэлгийн дарга Л.Баясгалан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Э.Энхтөр нар уулзаж эмнэлгийн өнөөгийн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, төрөх, хүүхдийн болон сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэт ягаан туяаны шарлагын аппарат, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Тэргэнцэр, Нярайн нэн шаардлагатай иж бүрдэл /жижиг/, Нярайн нэн шаардлагатай иж бүрдэл /том/, Эх барихын иж бүрдэл, Автоклав, Мэс заслын иж бүрдэл, Сэхээн амьдруулах багц зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг хүлээлгэн өгөв. Мөн нутагтаа тогтвор сууршилтай ажиллаж, Орон нутагттаа тогтвор сууришилтай ажиллаж байгаа эмч, сувилагч нарт гарын бэлгээ гардуулж, ажлын амжилт хүслээ.
Дэд сайд  аймгийн Нэгдсэн эмнэлгийн  эмч, сувилагч, ажиллагсдын төлөөлтэй уулзан ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах, тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанартай уялдсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллана гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа
 
 
Related news