Кибер халдлагын улмаас “Honda”-гийн үйлдвэр зогсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-21 13:43:03
ТОКИО./TASS/. Японы автомашины “Honda Motor” компани кибер халдлагын улмаас Сайтама мужид байдаг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нэг хоногийн хугацаагаар зогсоохоос аргагүйд хүрсэн тухай “Kyodo” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, үйлдвэрийн дамжлага шугамыг хянадаг компьютерийн системүүдийг 6 дугаар сарын 18-ны өдөр үл мэдэх этгээдүүд түгжигч вирусээр халдварлуулсан ба гэмт хэрэгтнүүд түгжээг гаргахдаа мөнгө нэхсэн аж. Honda-гийн инженерүүдийн хүчин чармайлтын үр дүнд тус үйлдвэрийн ажиллагааг 6 дугаар сарын 20 гэхэд сэргээж чадсан байна.

Кибер халдлага хийхэд ашигласан программ нь 5 дугаар сард дэлхий даяар кибер халдлага үйлдэхэд ашигласан “WannaCry” вирустай төстэй ажээ.  Тухайн үед уг вирус Японд хоёр мянга орчим компьютерыг, тэдгээрийн дотор цахим техник үйлдвэрлэгч “Hitachi”  компанийн компьютеруудыг гэмтээж байсан юм.
О.Барс 

 

 



Related news