БНХАУ-Монголын харилцаа хөгжин цэцэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 12:40:56

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод 10 дугаар сарын 23-27-нд болсон БНХАУ-Монголын анхдугаар үзэсгэлэнд тус хоёр улс болон ОХУ, Малайзын 8000 орчим төлөөлөгч оролцсон билээ. Энэ үзэсгэлэн нь БНХАУ болон Монгол хоорондын соёлын солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хамгийн чухал тавцан юм.

Монгол Улс нь БНХАУ-ын хойд нутагтай хиллэдэг, онцгой хөрш. Сүүлд 1949 онд Улаанбаатар Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон боловч хоёр талын харилцаа 1989 онд хэвийн болсон байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоо гүнзгийрч байна.

БНХАУ-Монголын харилцаа 2011 онд стратегийн иж бүрэн түншлэл болон өргөжсөн билээ. 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд төрийн айлчлал хийсэн.

Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

Монголын худалдааны хамгийн том түнш болон гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бол БНХАУ юм. 2013 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 5.96 тэрбум доллар хүрсэн нь Монголын нийт гадаад худалдааны талаас илүү хувь юм.

Мөн 2013 онд БНХАУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалт 2.56 тэрбум долларт хүрчээ.

Монгол нь далайд гарцгүй, цөөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй, өргөн уудам газар нутагтай улс юм. Дэлхийд хоёрдугаарт орох эдийн засагтай БНХАУ нь үйлдвэржилт, хотжилтын үедээ явж байгаа билээ.

Харилцан хоёр талдаа ашигтай эдийн засгийн бүтцийг бий болгохын тулд чөлөөт худалдааны бүс байгуулах талаар Бээжин болон Улаанбаатар хэлэлцэж байна.

Энэ үзэсгэлэн нь БНХАУ болон Монгол хоорондын соёлын солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хамгийн чухал тавцан бөгөөд Зүүн Хойд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх юм.

Стратегийн цогц илүү хүчтэй түншлэл

Хөрш зэргэлдээ орших ОХУ, БНХАУ, Монгол гео-стратегийн чухал ач холбогдол өгдөг. Үүнээс гадна, БНХАУ-ын “Торгоны зам” төсөлд Монгол Улс чухал үүрэгтэй.

БНХАУ болон ЗХУ зөрчилдөөнтэй байх үед Монгол Улс ЗХУ-ын хяналтад байсан бөгөөд ЗХУ-ын 150 мянга орчим цэргийг Хятад-Монголын хилийн ойролцоо байрлуулахыг Монгол зөвшөөрсөн байдаг.

Гэсэн хэдий ч, сүүлийн үед Монгол Улс олон улсын маргаанаас зайлсхийх болсон бөгөөд улс орноо хөгжүүлэхийн тулд БНХАУ-тай илүү нягт хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж байна.

Монгол Улс хэзээд төвийг сахисан байр суурьтай байх саналыг тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сарын 7-нд дэвшүүлсэн. Мөн тэрбээр, есдүгээр сарын 29-нд НҮБ-д үг хэлэхдээ, Монголын төвийг сахих бодлого дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд дэмжлэг болохыг онцлон тэмдэглээд, олон улсын дэмжлэгийг хүсчээ.

Сайн найз садан төрлөөс илүү гэдэг үг бий. Төвийг сахисан, тогтвортой, хөгжин цэцэглэж буй Монгол Улсыг Бээжин дэмжиж байгаа юм.

БНХАУ болон Монголын хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр улсын улс төр, худалдаа, соёл, боловсрол, арми, иргэд хоорондын хамтын ажиллагаа хөгжин цэцэглэж байна гэж "CCTV"-гийн редактор Ли Кун бичжээ.

Д.Нямтулга

 

Related news