Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав, СГЗ Д.Цэдэв нарын нэрэмжит шагнал бий болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-30 16:38:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын утга зохиол, яруу найргийн  ертөнцөд шинэ шагнал төрөн гарч анхны эзэддээ хүрлээ.  Анхны шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болов.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит энэхүү шагнал нь түүний зохиол бүтээлийг хойч үедээ таниулах, монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой юм. Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг түүний үр хүүхдүүд нь санаачлан “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар боллоо.  

Дахин нэг шинэ шагнал энэ салбарт нэмэгдсэн нь СГЗ, доктор профессор Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Уг шагналыг “Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээл”-д олгох юм.



Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын  нэрэмжит шагналын анхны эзнээр хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа харин СГЗ Д.Цэдэвийн нэрэмжит шагналын анхны эзнээр доктор профессор С.Байгалсайхан нар тодорлоо. 

 Хүн төрөлхтөнд талх тариа чухал боловч түүнээс илүү уран зохиол чухал. Монголын утга зохиол цаашид улам хөгжин давалгаалж байхыг хүсэн энэхүү шагналыг бий болгосноо энэ үеэр уг шагналыг санаачлагч Мацуда Таданори тодотгож байв.



Хэлбичгийн ухааны доктор Д.Дэнсмаад хэлэхдээ, “Ш.Сүрэнжав найрагчийн бүтээл туурвилыг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Ш.Сүрэнжав гуай бол яруу найраг, дууны шүлэг, үргэлжилсэн үгийн болон тайз дэлгэцийн их урлан бүтээгч. Түүний бүтээл туурвил, яруу найргийг судлан эрдмийн ажил хийсэн.  Энэ ажлыг үнэлэн Шаравын Сүрэнжавын нэрэмжит анхны шагнал олгож байгаад их баяртай байна. Түүний яруу найргийг нь судалж “Ш.Сүрэнжавын яруу найргийн туурвилын туршлага, сургамж” сэдэвт бүтээл, тэнгэрлэг энэ найрагчийн тухай “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” түүний домог болсон амьдрал, уран бүтээлийн гал тогоонд нь хандсан хөрөг дуртатгалын бүтээлээ гаргасан. ЕБС-ийн 6, 7, 11 дүгээр ангийн уран зохиолын сурах бичгийн хөтөлбөрт Ш.Сүрэнжав гуайн уран бүтээлүүд багтахад өөрийн хувь нэмрээ оруулсан. Түүнийг зөвхөн зохиолч гэж үзэж болохгүй. Монголын сурган хүмүүжүүлэх ухаан болон шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэв.

 Энэхүү шагналыг яруу найраг, хүүрнэл зохиолын шилдэг бүтээлд хоёр жилд нэг удаа олгох юм. 

Шагнал гардуулах ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй нар болон утга зохиол, яруу найргийн салбарын алдартнууд хүрэлцэн ирсэн байв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news