Ирэх онд татварын орлого нэмэгдэнэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-07-03 13:40:29
Төсвийн тогтвортой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх  төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2017 оны эхнээс  авч хэрэгжүүлсэн билээ . Эдийн засгийн бодлого ийм тодорхой болсоны  үр дүнд оны эхний улирлын урьдчилсан гүйцэтлээс эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн байна. Тодруулбал  2017 оны эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд 4,3 хувьтай гарчээ.

Цаашдаа ОУВС-сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлнэ.  Хөтөлбөрийн хүрээнд дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттай бууруулна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  2018 онд төлөх богино хугацаатай арилжааны олон улсын зах зээлээс 2012 онд 1,5 хувийн хүүтэй босгосон  “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам долларын төлөх өрийг  урт хугацаатай бага хүүтэй зээлээр солихоор боллоо.  Ингэснээр төсөвт ирэх өрийн дарамт эрс буурах болно.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр (ЭЗСХ), Засгийн газрын 2016-2020  үйл ажиллагааны хөтөлбөр, ОУВС-тай хамтран  хэрэгжүүлэх “Өргөтөгсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн  авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тусгасан 2018 оны төсвийн хүрээний  мэдэгдэл, 2019-2020 төсвийн төсөөлөл буюу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийг  Засгийн газар  боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж  батлуулаа.
Эндээс харахад  ойрын гурван жилийн  төсвийн орлогод  урьд жилүүдийн нэгэн адил уул уурхайн бүтээгдэхүүн  алт, зэс, нүүрсний үнэ  өндөр хамааралтай хэвээрээ байх нь тодорхой боллоо. Түүнчлэн “Оюу Толгой”, “Таван толгой”, “Гацуурт”  гэсэн уул уурхайн том төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг 2018-2020-д эрчимжүүлнэ  хэмээн нэр заан  оруулсан байна.

Мөн алт, зэс нүүрснээс гадна төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, татварын бааз суурийг тэлэх тодорхой чиглэлүүдийг  төсвийн хүрээний мэдэгдэлд суулгаж өгчээ. Татварын суурь зарчим болох үнэ шилжилт, татвар төлөхөөс зайлсхийх явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэдэг санааг тусгажээ.Энэ хүрээнд татварын удирдлагыг боловсронгуй болгох, татвар төлөх, тайлагнахыг хялбаршуулж зардалыг нь бууруулах юм байна. Үүнийг зөвхөн дурьдаад зогсоогүй, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж батлуулна гэсэн байна.  

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг буруулах замаар татварын тэгш шударга  тогтолцоог бэхжүүлнэ гэж төсвийн хүрээний мэдэгдэлд маш тодорхой тусгажээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний  үр дүнд татварын орлого 2018 онд 541.4 тэрбум, 2019 онд 638.2 тэрбум, 2020 онд759.1 тэрбум төгрөгөөр тус тус  нэмэгдэх гэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа олсон бодлогыг хэрэгжүүлснээр  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2018 онд 6,808.4 тэрбум, 2019 онд 7,803.1 тэрбум, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг хүрнэ.

УИХ-аар батлаад байгаа  дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг.  Улмаар улсын төсвийн төслийг боловсруулах үндэс суурь нь болж өгдөг өөрийн онцлогтой. Улсын төсвийн хүрээний мэдэгдэлд ийм шинэчлэл хийснээр татварын орлого 2018 онд 5,797.1 тэрбум, 2020 онд 7,643.4 тэрбум төгрөг болж тус тус нэмэгднэ гэж үзсэн байна.

Засгийн газар 2018 оны төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний  мэдэгдлийнтөвшинд  боловсруулж , 10 дугаар сарын 01-ний дотор УИХ-д  өргөн мэдүүлнэ. УИХ Монгол Улсын төсвийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор батлана.
                                                                                                                                                                           Г.Эрдэнэбат
Related news