ОХУ хариу хоригоо сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2017-07-05 11:43:13

МОСКВА./TASS/. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хэд хэдэн оронд тавьсан хоригоо ОХУ-ын засгийн газар сунгалаа.

“АНУ, Европын Холбооны гишүүн орнууд, Канад, Австрали, Норвеги, Украин, Албани, Черногор, Исланд болон Лихтенштейнд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүнийг Орост нэвтрүүлэхийг хориглосон хязгаарлалтыг 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ” гэж Оросын засгийн газрын тогтоолд дурдсан байна.

Уг тогтоол гарахаас өмнөхөн Ерөнхийлөгч В.Путин Оросын хариу хоригийг 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Үүнээс хэдхэн өдрийн өмнө Европын Холбооны /ЕХ/ зүгээс Оросын эсрэг авсан эдийн засгийн хоригоо сунгах тухай шийдвэр гаргасан юм.  

Украинд болж буй үйл явдал болон Крымын хойг ОХУ-д нэгдсэнтэй холбоотойгоор Европын Холбоо 2014 онд Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Үүний хариуд 2014 оны 8 дугаар сард Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын эсрэг хориг тавьсан ЕХ, АНУ, Канад, Австрали, Норвеги улсаас нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний импортыг хязгаарласан юм.  

Б.Адъяахүү 

Related news