Саналаа өгөхөөр ирсэн сонгогчид бүртгэлийн нэг хувь хуудас олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-06 09:21:57
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалтад оролцож саналаа өгөхөөр ирсэн сонгогчдод бүртгэлийн нэг хувь хуудас олгохоор болсон байна.
Сонгуульд саналаа өгсөн сонгогчийн бүртгэлийн хуудасны нэг хувь улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд үлдэж, нөгөө нь сонгогчийн гарт очдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын үеэр сонгогчийн гарт очсон бүртгэлийн хуудсыг худалдан авах явдал гарсан. Зургаан ширхэг хуудас авч очоод 60 мянган төгрөг авсан гэх яриа, эсвэл нэг хуудсыг 20 мянган төгрөгөөр өгсөн зэргээр санал хураалтын өдөр “тасалбар наймаалцсан” явдал нь сонгуулийн бас нэг зохисгүй төрх болж байсан.
Иймээс хоёр дахь санал хураалтад оролцож саналаа өгөхөөр ирсэн сонгогчид бүртгэлийн нэг хувь хуудас олгох тухай тогтоолыг СЕХ гаргажээ.
Сонгуулийн тухайн хуулийн 89.6- д “Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хуудас олгоно” гэж заасны дагуу саналын хуудас олгохдоо сонгогчийн бүртгэлийн хуудсыг бүртгэн авч, санал хураалт дууссаны дараа сонгуулийн бусад баримт бичгийн хамт сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өгөхийг санал авах байруудын ахлах зохион байгуулагч нарт үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа  
Related news