Ослын үеэр агаарт гэрэл гарсныг АНУ-ын хиймэл дагуул илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /Sputnik/. ОХУ-ын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн нисэх онгоц сүйрэх үеэр Синайн хойгийн агаарт дулаан ялгаруулсан гэрэл гарсныг АНУ-ын тагнуулын хиймэл дагуул илрүүлжээ.
Нисэх онгоц руу газар-агаар ангиллын пуужингаар харвасан гэсэн онолыг хиймэл дагуулын энэ нотлох баримт дэмжсэн гэсэн үг биш юм гэж “NBC News” өчигдөр орой мэдээлэв.
Нисэх онгоцон дахь тэсрэх бодис дэлбэрсний дараа түлшний банк эсвэл тэсрэх бөмбөг дэлбэрснээс үүдэн гэрэл гарсан байж болзошгүй гэж АНУ-ын тагнуулын шинжээчид үзэж байгааг албаны хүн онцолжээ.
АНУ-ын хиймэл дагуулын хэт улаан туяа илрүүлэх төхөөрөмж газраас харвасан ямар ч пуужингийн дулаан ялгаруулсан мөрийг хөөдөг боловч ийм шинж тэмдэг ажиглагдаагүй байна гэж мэдээлэлд дурдав.
Хэрвээ энэ мэдээлэл нотлогдвол, Египетийн Шарм-эль-Шейх нисэх онгоцны буудалд байх үеэр нисэх онгоцны тээшинд барометрийн оньстой тэсрэх бөмбөг нууцаар оруулсан бөгөөд осол үүнтэй холбоотой гэх чиглэлийг мөрдөн байцаагч нарт өгөх юм.
Д.Нямтулга