ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 6,5 доллароор буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-18 12:04:18
МОСКВА./TASS/. Газрын тосны экспортын татвар  2017 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 6,5 доллароор буурч, нэг тонн тутамд ногдох татварын хэмжээ 74,4 доллар болно гэж ОХУ-ын Сангийн яамны мэдээлэлд дурджээ.

Одоогийн байдлаар газрын тосны экспортын татвар 80,9 доллар байгаа юм.

6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 14-ний хооронд хийсэн мониторингийн дүнг үзвэл, Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 45,65955 доллар буюу нэг тонн нь 333,3 доллар байжээ.

Сангийн яамны мэдээлснээр, зуурамтгай чанар өндөртэй газрын тосны татвар 12,4 доллароос 11,2 доллар болж буурах юм. Газрын тосны салбарт хийгдэж буй татварын өөрчлөлтийн хүрээнд батлагдсан тооцооллын шинэ томьёоны дагуу Дорнод Сибирь, Каспийн ордууд, Приразломын ордуудын газрын тосны татварын хөнгөлөлт 0 түвшинд хэвээр байх аж.

Тунгалаг газрын тосны бүтээгдэхүүн болон тосны татвар нэг тонн тутамд 22,3 доллар, өтгөн хар газрын тосных 74,4 доллар болох юм. Таваарын бензиний экспортын татвар 22,3 доллар хүртэл, шууд нэрэлтийнх /нафта/ 44,4 доллароос 40,9 доллар болж буурах ажээ. Шингэрүүлсэн хийн татвар 0 түвшинд хэвээр үлдэх бол коксын татвар тонн тутамд 4,8 доллар болж буурах юм.
О.Барс 

 

 

 

Related news