Дэл уулын гайхамшиг “Бодлын бичээс”- т шингэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-18 12:25:02
Дундговь/МОНЦАМЭ/Хадан зургийн галарей гэж болохуйц  эртний зургийн томоохон дурсгалыг хадгалж байдаг Дэл уулын тухай энэ ууланд төрж өссөн нэгэн “Бодлын бичээс” хэмээх ном хэвлүүлжээ. Тэрээр “Дэл уулын гайхамшиг” ТББ- ын гүйцэтгэх захирал Б. Батмөнх  бөгөөд энэ ууланд төрж, багаасаа  гайхамшигт түүх, соёлын дурсгалыг нь харж, мэдэрч, бахархаж өссөний хувьд Дэл уулыг төрийн хамгаалалтанд оруулахад туслах, түүнийг хамгаалах, хадны зургийг нь судлах, алдар цуутнуудыг нь олон нийтэд таниулах зэргээр олон талын зорилготойгоор төрийн бус байгууллагаа байгуулсан. Мөн Дэл уулынхаа тухай эхний номоо хэвлүүлсэн нь энэ гэлээ.
Баруун зүгээс Хонгор хэмээх үзэсгэлэнт бүсгүй говьд суух Угалз хэмээх нэгэн эртэй ханилахаар ирж. Гэтэл бүсгүй ойртон ирэхүл ханилан суух эр нь буурал толгойтой хүн байсанд “Би ийм хөгшин хүнтэй суухгүй, дээл хөнжлөөрөө хучаад эндээ үүрд суулаа” гэснээс үүдэн Дэл Хөнжил хэмээн нэрийддэг болсон гэх нэгэн домог Дэл Хөнжлийн уултай холбоотой. Сонирхолтой домог, содон өвөрмөц төрхийг агуулан оршдог энэ уулын хад бүр нь зураг, бичээстэй. Эртний булш, хиргисүүр, хөшөө дурсгалыг агуулж байдаг. Тэдгээрийг нээн судалж ирсэн эрдэмтэд ч цөөнгүй.  Гайхамшигт Дэл уул, түүнд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалын тухай нийтлэлүүдээ  зохиогч  “Бодлын бичээс”- тээ багтаасан  байна. Нутгийн хүн зон, тэдний аж байдлыг  ч мөн тусгажээ.
 “Бодлын бичээс” номоос дэлхийн мянган жилийн түүх бичээстэй Дэл уулын тухай, хэн ч анзаарахгүй байсан нэгэн хадны зураг Монголын бүжгийн урлагт шинэчлэл авчирсан тухай, эртний нүүдэлчин монголчуудад холбооны ганц ч хэрэгсэлгүй атал мэдээлэл гайхалтай хурдан тархаж байсны нууц,  Монгол аавтай, түвд ээжтэй, Энэтхэгт төрсөн, унаган англи хэлтэй монгол дуучны тухай, өдөр нь салгаад тавихад шөнө нь буцаад нийлчихдэг чулууны тухай гээд сонирхолтой олон нийтлэлийг уншина. Зохиогчийн ертөнцийг үзэх үзлээс ч хуваалцах боломжтой ажээ.

Т. Отгонтуяа    
 
 
 
Related news