Нийт нутгийн 80 шахам хувь гантай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийт нутгийн 23.7 хувь нь зунтай, 46.3 хувь нь гантай, 30 хувь гандуу байна гэсэн дүгнэлт гарчээ.
Алтай, Цогт, Эрдэнэ, Чандмань сумд зунтайд, Бугат, Тонхил, Халиун, Хөхморьт, Бигэр, Төгрөг сумд гандуу байгаа бол Дэлгэр, Тайшир, Шарга, Есөнбулаг, Баян-Уул, Дарив сумууд гантай, ургамал ногоо гараагүй зарим малчид отор хийх байдлаар нүүдэллэн зэргэлдээ аймаг, сумдын нутаг руу явж байгаа ч тэнд бас л гантай байна.
Ихэнх малчид энэ зун тугал уях, гүү барих ажлаа хийгээгүй бөгөөд, бог малаа ч саалинд хамруулалгүй, цайны сүүгээ авах төдий байна. Хадлан тэжээл бэлтгэх боломж муу, булаг усны ундарга бага, зарим нь ширгэсэн болохоор малчид малаа олноор борлуулах арга хайж байна.
Ш.Цоодол