Говь-Алтай аймагт энэ намар 1.7 сая мал борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-08-13 16:18:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээгээр хагас жилийн мал тооллогоор 4 696 000 мал тоологдоод байна.
Тус аймгийн ихэнх нутгаар гантай байгаагийн улмаас мал сүргийн тарга хүч авалт тааруухан, бэлчээрийн даацын хүрэлцээ муу байгаа учир малчид мал борлуулах сонирхол их байна. Аймгийн ХХААГ-ын судалгаагаар 1.7 сая мал борлуулах хүсэлтэй байгаагаа малчид илэрхийлжээ.
Иймд зэргэлдээ аймгуудын мах боловсруулах үйлдвэрүүдэд санал хүргүүлсэн байна. Мөн малчдын хоршоо, аж ахуйн нэгжүүд энэ ажилд онцгой анхаарч байгаа аж.
Бусад 4 сая малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангах, өвс, хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхэд малчид, холбогдох газрууд анхааран ажиллаж байна.

                                                                                                                       Ш.Цоодол

Related news