Шавьжны хортой өндөг ЕХ-ноос "хальжээ"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /Reuters/. Шавьжны хортой өндөг Европын Холбооноос /ЕХ/ хальж, өөр улс орон руу экспортлогдсон болохыг тус холбооны албаны хүмүүс мэдэгдлээ.
Европын Комиссоос өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ийм хортой өндгүүдийг ЕХ-ны гишүүн 16 улс болон Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонконг руу экспортолжээ.
Нидерландын фермүүдээс гаралтай өндөгнөөс хортон шавьж устгахад ашигладаг “фипронил” хэмээх бодис илэрсэн гэх дуулиан шуугиан энэ оны эхээр дэгдсэн юм.
Хэр их хэмжээний өндөг ийм хортой байгаа нь тодорхойгүй байгаа ч Германы Засгийн газар мэдэгдэхдээ “Зөвхөн манай улсад л гэхэд ийм хортой 10 сая гаруй өндөг орж ирсэн байх магадлалтай байна” гэв.
Фипронилтой өндөг идэхэд эрүүл мэндэд учрах эрсдэл бага хэдий ч их хэмжээгээр идсэн тохиолдолд хүний элэг, бөөр болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэх аюултай гэнэ.
Одоогоор ийм өндөг идээд хордсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна.
ЕХ фипронилыг хүнсний салбарт ашиглахыг хуулиар хориглодог аж.
Г.Доржханд