“Дэлхийн иргэн” сэдэвт гадаад хэл, соёлын өдрүүд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 12:25:09

Сурагчдын орос хэл, соёлыг сонирхон судлах, ОХУ-д суралцах боломжийг нээж өгөх улмаар орос хэлний багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, Орос Монгол орны найрамдалт харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн гадаад хэл, соёлын өдрүүд Өмнөговь аймагт боллоо.

“Дэлхийн иргэн” сэдэвт энэ өдөрлөгт тус аймгийн 15 сургуулийн 202 сурагч, 41 багш, Хэнтий аймгийн 4 сурагч, 36 багш оролцсон юм. Тэгвэл Найрамдлын нийгэмлэгүүдийн эвлэл, УБ хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Даланзадгад сумын 4-р сургуультай хамтран зохион байгуулсан орос хэлний өдөрлөгт аймгийн 15 сургуулийн 56 сурагч, 41 багш, Хэнтий аймгийн багш сурагчид оролцлоо. Тэд олимпиад, орос дуу шүлгийн тэмцээнд оюун ухаан, авьяас чадвараа сорьж, мэдлэг чадвараа сорьсон юм. Дуу, шүлгийн тэмцээний 1-р байрыг 3-р сургуулийн сурагч Б.Хоролсүрэн, 1-р сургуулийн сурагч Б.Ариунжаргал нар тус тус эзэллээ.

Харин Найрамдлын цуглаан, орос хэлний соёлын өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан 4-р сургуулийн захирал Ц.Батцэнгэлийг ОХУ-д орос хэлний курст суралцах эрхийн бичгээр шагнасан байна. Мөн орос хэлний багш нарын олимпиадад Өмнөговь Хэнтий аймгийн 13 багш өрсөлдсөнөөс 3-р сургуулийн багш Н.Цэдэв түрүүлсэн юм.

Сурагчдын гадаад хэлний чадвар, гадаад хэл сурах хүсэл сонирхол, урлагийн мэдрэмж, авьяас, бүтээлч сэтгэхүйг нээн хөгжүүлэх, гадаад хэлээр өөрийгөө илэрхийлэх болон багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний багш нарын мэргэжлийн чадвар хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ийн Өмнөговь аймагт гадаад хэл, соёлын өдөрлөгийг аймгийн хэмжээний бүх ЕБС-иудын багш сурагчдын дунд зохион байгууллаа.

            Өмнөговь аймаг  C.Сумьяа

            

Related news