“Цэвэр сайхан орчин” аянд Говь-Алтай аймаг тэргүүн байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас санаачлан оруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас батлан гаргасан билээ. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан байна.
Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас энэхүү аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, замын дагуу зөөврийн хогийн савнууд байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулсан зэрэг олон ажлуудыг хийжээ. Мөн аймгийнхаа радио, телевиз, сониноор иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж нийтийг хамруулж чадсан байна. Говь-Алтай аймаг энэхүү аянд тэргүүн байр эзэлж БОАЖЯ-наас шагналаа гардан авчээ.
Ш.Цоодол