Буудлагынхан багаараа хоёр хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-05 15:05:10

Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай мэргэн буудагчид багаараа хоёр хүрэл медалийн эзэд болжээ.

Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаагаас Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өргөн бүрэлдэхүүнтэй Кувейт улсыг зорьсон юм. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн  25 метрийн спорт гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль хүртлээ. Уг дасгалд БНСУ, БНХАУ-ын баг алт, мөнгөн медалийн эзэд болов.

Мөн энэ өдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг залуучуудын багийн хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал.О.Есүгэн, Э.Энхмаа нар хүртэж, медалийн тавцанд гарч Төрийнхөө далбааг мандууллаа.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн байсан ч зохион байгуулагч Кувейт улсаас тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Яир Давидовичид виз олгохоос татгалзсанаас улбаалан Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Кувейтэд болж энэ тэмцээнээс олимпийн эрх олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Тэд Кувейт улсын үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, олимпийн Хартыг зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарласан байна.

Д.Өлзий

Related news